Бруцеллез

Бруцеллез нь цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн сүлжээг давамгайлан гэмтээж халуурах шинжээр илэрдэг зоонозын халдварт өвчин . Таагүй хүчин зүйлийн нөлөөн дор хурцдах, дахих мөн архагших нь элбэг юм.  Английн эмч Марстон 1859 онд Мальта арал дээр гарсан халууралт өвчний дэгдэлтийг судлаад Мальтийн халууралт өвчин хэмээн нэрлэжээ. Д.Брюс 1886 онд уг өвчний улмаас нас нөгчсөн хүний дэлүүнээс наалдац бэлтгэн хараад Бөөрөнхийдүү жижиг нянг олж, түүнийгээ Мicrococcus melitensis хэмээн нэрэлжээ. Тэр цагаас хойш өвчин үүсгэгчийг анх нээсэн хүний нэрээс үндэслэн Бруцеллез гэж уг өвчинг нэрлэх болжээ. А Райт, Д.Семпл нар 1897 онд Мальтийн халууралт өвчтэй хүний ийлдэс нь Micrococcus melitensis-тэй наалдах урвалд ордог болохыг мэджээ. Энэхүү наалдах <Райтын> урвалыг оношлогоонд эдүгээ хүртэл ашигласаар иржээ. Данийн судалаач Б.Банг, В, Стрибольт нар хээл хаясан үнээний төлийн уснаас нэгэн зүйл бруцелл нянг илэрүүлэн түүнийгээ Br. Suis юм. 1920 онд үхэр, гахай, хонь, ямаанд зулбалт үүсгэдэг өвчний үүсгэгчдийн бруцеллийн бүлэгт багтааж өвчнийг нь Бруцеллез гэж нэрлэжээ. 1957 онд АНУ-ийн Юта муж улсад цөлийн зурамнаас нэгэн бруцелл төстэй нянг илэрүүлсэн нь Br.neotoma юм. 1970 онд Мехикод хуцны төмсөгний дайврын үрэвслээс Br. Ovis8 нохойноос Br.canis гэсэн хоер шинэ зүйл нянг нээжээ. Эдүгээ далайн амьтадаас Br. Maris хэмээх нэгэн зүйл нян олджээ.

Манай орны мал амьтдын дотор төдийгүй хүн амын дунд ч бруцеллез өвчин элбэг тохиолддог. Ж.Дашдаваа, Л.Дамдинсүрэн нар хүний бруцеллез өвчний халдварлалт, эмнэл зүй, оношлогоо, эмчилгээний асуудлаар дорвитой судалгаа хийжээ.

Үүсгэгч: Түүхэнд өгүүлсэнчлэн эдүгээ 7 зүйл бруцелл нянг мэдэгдээд буй бөгөөд тэдний дотроос бог малд ихэвчлэн хадгалагдаж байдаг Br.melitensis нь хүнд өвчин үүсгэх эмгэг чанар хамгийн ихтэй юм. Харин бод малыг өвчлүүлдэг Br.abortus нь хүнд тохиолдол байдлаар өвчин үүсгэдэг. Үлдсэн зүйл бруцелез нь нь хүний өвчлөлд төдийлөн холбогдолгүй юм. Бруцелезууд нь бүтцийн хувьд хоорондоо ялгагдамгүй адил, 0,3-0,6 мкм хэмжээтэй, зуувиндуу бөөрөнхий савханцар бөгөөд үр бүрээс үүсгэдэггүй. Тэрээр Грамын аргаар будагдахгүй, эд эсийн завсраар нэвтрэн цөмрөх, эсийн дотор шимэгчлэн амьрах чадвар сайтай, дотор хор ялгаруулдаг нян юм. Бруцелез нь тэжээлт орчинд өсгөвөрлөх нь удаан 2-4 долоон хоног ургадаг. Мөн антибиотикийн нөлөөн доор L-хэлбэрт шилждэг. Бруцелезууд 60С хэмийн халууныг 30 агшин тэсч чадах ба буцалгахад хоромхон зуурт үхдэг. Хүйтнийг удаан тэсвэрлэх чадвартай, нарны шууд гэрэл, ариутгах уусмалуудын нөлөөн дор хурдан үхдэг.

Тархвар судлал: Бруцелез нь мал ба амьтдаас янз бүрийн замаар хүнд халддаг, ажил мэрэгжлийн онцлогтой шүтэлцээтэй өвчин. Халдварын эх уурхай нь өвчтэй бог болон бод мал, гахай буга, амьтад байж болно. Манай орны тухайд хонь ямаа, үхэрт бруцелезын халдвар илүү тохиолддог. Тэд халдвар тараах аюул хамгийн ихтэй юм. Зарим зүйл бруцелез нь нэг дүрсийн амьтнаас нөгөөд шилжин өвчлүүлэх чадвартай. Бруцелл нь өвчтэй мал, амьтдын баас, шээс, төлийн ус, хаг, сүү зэргээр ялгардаг. Иймээс өвчтэй малын үс ноос, өтөг, бууц, тэжээл, ус, хөрс, шороо бүгд л халдварыг дамжуулах боломжтой. Өвчин үүсгэгч нь хонины унгас ноосонд 3-4 сар, усанд 5 сар, хөрс шороонд зуны цагт 40-70 хоног, өвлын цагт 4 сар хүртэл амьдрах чадвартай. Бруцелл нь өвчтэй мал төллөх, зулбах, хээл хаях үед төлийн ус, хагны хамтаар их хэмжээгээр ялгардаг. Иймээс халдварлах, хүн ам өвчлөлд өртөх хугацаа нь өвөл хаврын цагт илүү тохиолддог.

Бруцелл нь хүний биед ихэвчлэн хоол боловсруулах зам мөн арьс салстаар ордог. Халдвар дамжих гол нөхцөл нь дутуу болгож боловсруулсан мах, сүү, тараг зэрэг хүнс хоол юм. Халдвар дамжих 2 дахь гол зам бол ахуйн хавьталт буюу өвчтэй мал амьтныг ноослох, саах, нядлах, мөн арьс шир үс ноосыг нь боловсруулах явцад гэмтсэн арьс салстаар ордог. Иймээс Бруцелез нь ажил мэрэгжлийн шинжтэй, малчид мал эмнэлгийн эмч ажилтан, ажилчид мөн мах сүү арьс шир, ноос боловсруулах үйлдвэрийн ажилчид өртөх нь элбэг юм. Ховор тохиолдолд аэроген буюу шороо тоосны хамт амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэж болно. Манай оронд Бруцеллын халдварлалт хүн амд 17 хувь, өвчлөл 10000 хүн амд 10 орчим байна. Бруцелезоор өвчлөхөд хүч султай, богино хугацааны(6-9 сар) өвөрмөц бус дархлаа тогтдог. Энэхүү онцлогийг нь ашиглан хоруу чанар багатай омгоор хүнийг вакциндаж дархлаажуулж байжээ.

Эмгэг жам: Бруцеллез нь зүрх судас, мэдрэл, тулгуур хөдөлгөөн, мөн шээс бэлгийн эрхтнүүдийг зонхилон гэмтээж, архагших хандлага ихтэй халдвар харшлын өвчин. Бруцеллууд нь арьс салстан дээр ул мөр үлдээлгүйгээр нэвтрэн ороод бүйлсэн булчирхай, залгиур хоолой, хүзүү нарийн гэдэс зэрэг ойролцоох тунгалгын зангилаанд зөөгдөн очдог. Энэ хугацаа нь өвчний эмгэг жамын эхний үе буюу тунгалгаар тархах үе юм. Бруцеллууд нь эхний 7-10 хоногт тунгалгын зангилаан дотор эрмүүн өсч үржих бөгөөд халдварын процессын хөгжил нь орсон нянгийн тоо, хоруу чанар мөн уг хүний биеийн дархлаа чанараас шууд хамаардаг. Хэрэв орсон нянгийн тоо цөөн, хоруу чанар сул, хүний биеийн хамгаалах чадвар хангалттай бол Бруцеллууд нь тунгалгын зангилаандаа устан, халдварын процесс нь эхний шатандаа зогсож болох юм. Харин орсон нянгийн тоо олон, хоруу чанар хүчтэй, хүний биеийн хамгаалах чадвар сул тохиолдолд тунгалгын зангилаанд нянгууд нь үржин өсч хуримтлагдаад аятай нөхцөл бүрдмэгц цусны урсгалд урсан орж бүх биеээр түргэн дэлгэрэх агаад энэхүү мөчид залгигч том эсүүд баригдан мөхөж, дотор хор индотоксин ялгардаг. Энэ цаг хугацаа нь эмгэг жамын 2 дахь шат буюу цусаар түгэх үе юм. Энэ үед халууран чичрэх, хөлрөх, тунгалгын зангилаанууд чочрох зэрэг чочмог өвчний эмнэл зүйн шинжүүд илрэнэ. Халдвар хордлогын улмаас эмнэл зүй өөрчлөлтүүд хүний биед зонхилон ажиглагдана. Үүний зэрэгцээ цусны урсгалаар эргэлдэх Бруцеллууд, тэдгээрийн хэлтэрхий, мөн хор зэрэг нь бие махбодийг цочроон эмзэгшилийг үүсгэдэг.

Цусаар түгсэн Бруцеллууд нь тодорхой эд эрхтнүүдэд(элэг, дэлүү, ясны чөмөг) байрших нэг бөөмд залгигч эсүүдэд шүүгдэн баригдаж үрвсэлтийн үсэрхийлсэн голомтуудыг үүсгэдэг. Энэ үзэгдэл нь эмгэг жамын 3 дахь үе шат бөгөөд мэдрэгшсэн эд эрхтнүүдэд өвчин үүсгэгч болон түүний хор нь дахин давтан цочрол үүсгэж, ялангуяа тулгуур хөдөлгөөний эрхтнүүдэд харшил өрөвслийн өөрчлөлтийг үүсгэдэг. Бруцеллууд нь эсийн дотор шимэгчлэн амьдрах чадвар сайн тул үрэвслийн голомтуудад олон жилээр хадгалагдах боломжтой. Иймээс хөрч даарах, ядарч сульдах, өвдөх, сэтгэл санааны хямралд орох зэргээр биеийн дархлааг сулруулах гадаад болон дотоодын таагүй хүчин зүйлийн нөлөөн дор идэвхжин задарч цусны урсгалд орж дахин шинээр өөр өөр эрхтнүүдэд үрэвслийн голомтуудыг үүсгэдэг. Энэ нь эмгэг жасын дөрөв дэхь шат буюу халдвар үрэвслийн голомтоос гдагш задран түгэх үе юм. Бруцеллез өвчин нутагшмал газар оронд хүмүүс дахин нэмж халдвар авах нь өвчин сэдрэх, дахих, архагших нэг шалтгаан болдог. Өвчин үүсгэгч болон түүний бүтээгдэхүүнүүд нь эд эрхтнүүдэд дахин давтан цочрол үүсгэсний улмаас харшил эмзэгшлийн үзэгдэл зонхилж харшил сорил Бюрне эерэг болдог ба цуснаас нян өсгөвөрлөгдөх магадлал нэн бага болно. Өвчний энэ шатанд нян зонхилон хэлбэрт шилждэг.

Бруцеллез өвчний төгсгөлийн шатанд өрөвслийн голомт шимэгдэн, бүрэн эдгэрэх эсвэл сорвижин хатуурч эд эрхтэнд эргэшгүй өөрчлөлт үүсдэг. Бруцеллез өвчний үед үүсэх эмгэг өөрчлөлт олон янз бөгөөд ихэвчлэн олон эрхтэнг хамарсан холбогч эдийн гэмтэл үүсдэг. Өвчний цочмог үед илэг, дэлүү зэрэг дотор эрхтнүүд, ясны чөмөг, тунгалгын зангилаанд шүүдэст-эвдрэлт үрэвсэл үүсдэг. Халдварын процессын ужиг, архаг хэлбэрийн үед ургалтад үрэвсэл(продуктивно воспалительный) зонхилж үе мөч, булчин шөрмөс, мэдрэл, бэлгийн тогтолцоонд Бруцеллез өвөрмөц мөхлөг(гранулем) үүсдэг. Бруцеллезын үлдэц хуучийн үед дээрх мөхлөг нь хатуурч эрхтнүүдэд бүтэц үйл ажиллагааны эргэшгүй эмгэг үүсгэдэг. Энэхүү мөхлөг нь тунгалгын эсүүд, аврага эсүүд мөн хучуур төст эсүүдээс тогтдог.

Эмнэлзүй: Өвчний нууц хугацаа 7-30 хоног. өвчний эмнэл зүй илрэх шинж тэмдэг, тэдгээрийн эрч хүч нэн харилцан адилгүй бөгөөд зонхилон үрэвслийн байршил эрхтэн тогтолцооны гэмтлийн зэргээс шалтгаалдаг. Иймээс Бруцеллийн халдварын нэлээд олон ангилал дэвшүүлэгдсэн ба эдгээрийн дотроос Г.П.Руднев, В.М.Маджидовый нэмэлт болгосон Н.И.Рагоз нарын ангилал нь хэрэглэхэд дөхөмтэй юм. Г.П.Руднев өвчниы эмгэг жамыг үндэс болгон өвчний үргэлжилсэн хугацаагаараа цочмог Бруцеллез (3 сар хүртэл), ужиг Бруцеллез (3-6 сар), архаг (6 сараас илүү)мөн явцаар хөнгөн, дунд, хүнд үрэрвслийн идэвхээр нь тэнцвэртэй, хагас тэнцвэржсэн, тэнцвэрээ бүрэн алдсан гэж ангилжээ.

Бруцеллезын анхдагч далд хэлбэр: Уг өвчин нутагшмал нутаг дэвсгэрт амьдардаг, өвчтөн мал амьтантай ажилдаг хүмүүсийн дотор өвдөөгүй боловч ийлдэс судлалын шинжилгээ эерэг буюу халдвар авсан байх нь элбэг тохиолддог. Энэ үзэгдлийг шинж тэмдэггүй буюу анхдагч далд хэлбэр гэх бөгөөд эмгэг жамын хувьд халдварыг тогтоон барих буюу компенсацийн шат юм. Эмнэл зүйн шинж тэмдэг бараг мэдэгдэхгүй тул урьдчлсан сэргийлэх үзлэгээр оношлогддог. Гэхдээ нарийвчлан үзвээс шинж тэмдэг огт илрэхгүй биш харин ажлын чадвар буурах, хөлрөх, цочромтгой болох, захын тунгалгын зангилаанууд элэг, дэлүү бага зэрэг томрох шинжүүд илэрдэг. Бруцеллезын анхдагч далд хэлбэр нь шинж тэмдэг тодорхой өвчин болж хөгжих эсвэл Бруцеллезууд нь мөхөж биеэ цэвэрших гэсэн 2 хувилбараар дуусч болно.

Бруцеллезын цочмог үжилт хэлбэр: Өвчний энэ хэлбэр цөөнгүй тохиолдолд 3-5 хоногий урьтал үетэй байх ба энэ хугацаанд ядарч сульдах, бие тавгүй болох, сэтгэл санаа хямрах, толгой өвдөх мөн хоолонд дургүй болох шинжүүд илэрч болно. Энэ үеийн төгсгөлөөр хордлого нэмэгдэж, өвчний үндсэн шинжүүд болох өндөр халуурах, чичрэх, хөлрөх мөн элэг дэлүү томрох шинжүүд илэрдэг. Халууралт нь удаан хугацаанд ялахгуяа үдээс хойш долгион маягтай эсвэл эсвэл удаан хугацаанд бага зэрэг бүлээрэх хэлбэрээр явагдана. Халууралт нь удаан хугацаанд өндөр байгаа хэдий ч биеийн байдал хямрах нь харьцангуй бага үгэнд дурлах, сэтгэл санааны хөөрөл ажиглагддаг. Цочмог бруцеллезын үед нэг өдөр олон удаа дагжин чичрэх, биеийн халуун эрс буураад аажим нэмэгдэн өндөр халуурч дараа нь нэвт хөлрөн халуун буурах нь ажиглагдана. Хүзүү, суга, тунгалгын зангилаанууд шош мэт хэмжээтэй томорсон хөдөлгөөнтэй өвчингүй байдаг. Ялангуяа мөчний булчин шөрмөстэй хэсгийг даган арьсан доор өөхөн эслэг дотор өвчтэй товруу зангилаанууд гардаг. Ихэнх тохиолдолд зүрхний хил зүүн тийш томорч авиа нь бүдэгрэх орой дээр агшилтын шуугиан сонсогдох ба өвчин хүнд явцтай үед зүрхний хавхлагын мөн үнхэлцэг хальсны үрэвсэл үүсч болно. Зарим тохиолдлод зүрхний лугшилт 2 гарт зэрэг биш болж, ээлжийн бус агшилт илэрдэг. Хордлогот үжилт процесс хөгжихийн хэрээр гуурсан хоолой, уушиг мөн уушигны угийн булчирхайн үрэвсэл үүсдэг. Элэг, дэлүү том зөөлөн өвчингүй тэмтрэгдэж байдаг. Элэг хүчтэй гэмтсэн тохиолдолд баруун сүвээн доогуур унжирч өвдөх ба арьс салстанд бага зэрэг шар туяа сууж болно. Өвчний эд үед толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох, их ядрах, нойр хямрах зэргээр мэдэрлийн системийн гэмтлүүд илэрдэг. Өвчин хүнд явцтай үед сэтгэц-мэдрэл-сэтгэхүйн хямрал мөн мэнэн төст шинж илэрч болно. Зарим нэг тохиолдолд мэнэн шинж тод илэрч шүүдэст мэнэн үүссэн байдаг. Тулгуур хөдөлгөөний эрхтнүүдийн талаас богино хугацааны үений өвдөлт ажиглагдана. Хордлого буурахад өвдөлт багасна. өвчний хожуу үед дархлаа харшлын урвалууд хөгжиж, хурдан болон явцтай хамгаалах урвалууд өрнөж пара-алергия, ауто-алергия зэрэг харшил урвалуудын бүх төрөл оролцдог. Захын цусан цагаан эсүүд цөөрөх, тунгалаг эсүүд харьцангуй олшрох ба УЭТХ хэвийн буюу эсвэл яльгүй нэмэгдэж болно.

Үжил үсэрхийлсэн хэлбэр: Өвчин хожуу оношлогдох мөн эмчилгээ оройтсоны улмаас өвдөгдөгсдийн олонх нь өвчний ужиг мөн архаг хэлбэрээр өвддөг. Үрэвслийн голомтууд шалтгаан барьсан эмчилгээ хэдий ч дотор эрхтнүүд байрших нэг бөөмт залгиур дотор бруцелл нь мөхөлгүй хадгалагдсаар байдаг. Цуснаас бруцеллууд нь өсгөвөрлөгдөх нь багасч харин үе ба түүний уут, төмсөг, ясны чөмөг зэрэгт байгаа үрэвслийн голомтуудаас олддог. Өвчний эл хэлбэрийн үед халууралт нь цөөн хоног, өндөр биш, хордлого бага байдаг. янз бүрийн голомтлог үрэвслүүд тухайлбал жижиг дунд үенүүд, ясны хальс үений ойролцоох эдийн үрэвсэл зэрэг өөрчлөлт нэмэгдэнэ. Иймд мэдрэл, яс үе мөчид ретикуло-эндотелиын системийн гэмтэл гүнзгийрч үүнтэй хобогдсон эмнэл зүйн шинжүүд илэрдэг. Эсийн дотор бэхлэгдсэн нянгууд нь удаан хугацаагаар хүний биед оршин байж хөрч даарах, ядарч сульдах зэргээр бие махбодь хямрахад үрэвслийн голомтоос задарч өвчин дахидаг. өвчний шинж тэмдэг намдснаас хойш 1-2 сар ба түүнээс цааш хугацаанд дахилт үүсч болно.

Архаг бруцеллез: Ихэвчлэн цочмог болон ужиг хэлбэрүүд нь архагт шилждэг. Ингэж үүссэн тохиолдолд хоёрдогч архаг бруцеллез гэж нэрлэдэг. Мөн анхдагч далд хэлбэр нь архагт шилжиж болох бөгөөд үүнийг анхдагч архаг бруцеллез гэнэ. Архаг бруцеллезын эмнэл зүйн шинжүүд нь дархлаа-харшлын урвал буюу иммуно-алерийн үзэгдэл дээр суурьлан илэрнэ. Иймээс эмнэл зүйн илрэлүүд нь нэн олон янз бөгөөд тогтворгүй, сэдрэх намжих үзэгдэл ээлжлэн явагддаг. Хордлогын шинж тэмдэг сул харин эрхтэн системийн голомтлог гэмтэл давамгайлан илэрдэг.
Иймд Г.П.Руднев архаг бруцеллезыг эмнэл зүйн дараах хэлбэрүүдэд ангилан үзжээ.
1. дотор эрхтний хэлбэр а. Зүрх судасны б. Уушигны в. Элэг дэлүүний
2. үе хөдөлгөөний эрхтэн ба ясыг гэмтээсэн хэлбэр а. үеийг гэмтээсэн б. ясыг гэмтээсэн в. Мөгөөрсийг гэмтээсэн г. Хавсрсан
3. Mөв мэдэрлийн тогтолцоог гэмтээсэн а. Төв мэдэрлийн тогтолцоог гэмтээсэн б. Захын мэдэрлийн тогтолцоог гэмтээсэн
4. Шээс бэлгийн замыг гэмтээсэн
5. Эмнэлзүйн хавсарсан хэлбэрүүд
6. бусад (хумхуу, сүрье, тэмбүү г.м )халдвартай хавсарсан гэж ангилна.

Тулгуур хөдөлгөөнийг гэмтээсэн архаг бруцеллезын үед үе ба түүний уут, яс мөгөөрсний хальс, шөрмөсний уут холбогч эдийн үрэвсэл хамгийн их тохиолддог. Томоохон үеүүд үрэвссэн тохиолдолд тэдгээр нь улайх, хавдах, хөдөлгөөн нь хязгаарлагдаж орчны тойрсон эдийн үрэвслийн шинжүүд илэрдэг. Үений завсар гадаргуунууд үрэвсэж , шүүс хуримтлагдана. Үений үрэвсэл ийнхүү олон дахин сэдэрсэн тохиолдолд түүний гадаргуу нь өөрчлөгдөж, жийргэвч мөгөөрс нь гэмтэж, завсар зай нь нарийсч хоорондоо бэхлэгддэг. үүнийг артроз гэх бөгөөд ийм өөрчлөлт нурууны нугаламууд мөн томхон үенүүдэд ялангуяа ууцны хэсэгт элбэг тохиолдох ба өвдөлт нэн хүчтэй байх тул анкилоз буюу хөдөлгөөний хязгаарлалтыг үүсгэнэ. Үеийг бүрхсэн хальс, булчингийн завсар мөн өөхөн ислэг дотор үүссэн болон мөхлөгүүд нь өвдөлт ихтэй байдаг. Мэдэрлийн тогтолцооны хямрал нь нойр хямрах, ядарч сульдах, цочромхой болох, мэдрэл сульдалтын шинжээр илэрдэг. Архаг бруцеллезын үед мэдрэлийн гэмтэл нь мөр, хавиргын завсар, ууц нурууны суудлын мэдэрлийн ширхэг дагаж өвдөх, мэдрэхүй хямрах, саа саажилт үүсч, хараа сонсгол муудах шинжүүдээр мэдэгддэг. Харин мэнэн, тархины эдийн үрэвсэл нь илрэх шинж тэмдэг багатай, сул зөөлөн явцтай байдаг. бруцеллезын ужиг ба архаг удаан явцтай халдварын үед архаг хордлогын улмаас төв мэдэрлийн тогтолцоо ялангуяа тархины бор гадар гэмтэж хүнд хэлбэрийн невроз үүсэх ба зовиур шаналгааны улмаас солиорол, сэтэгцийн хямрал мөн уурлах цухалдах байдлууд ажиглагдана. Мөн түр зуурын хараа, сонсгол, тэнцвэрийн мэдрэхүйн хямарлууд ажиглагдана, хамгийн тогтвортой ажиглагдах шинжууд нь сэтгэл хямрах, ой тогтоомж муудах, зовиурлан баашлах, ядарч сульдах шинжүүд юм.

Эмгэг процесс вегататив мэдрэлийн тогтолцоог хамарсан тохиолдолд судасны хүчдэл сулрах, хөл гарын үзүүр хөхрөх ба арьсны тэжээллэг чанар алдагддаг. Зүрх яалангуяа судасны судасны гэмтлийн шинжүүд тогтвортой ажиглагддаг. Судасны дотор, гадар, бүх давхаргыг хамарсан үрэвсэл үүсч хявгасан судасны нэвчимхий чанар ихэссэн байдаг. мөн зүрхний дотор хальс булчин мөн бүх давхаргыг хамарсан үрэвсэл цөөнгүй тохиолддог. Мөн элэг дэлүү томрох, хатуурах, үйл ажиллагаа нь алдагдах шинжүүд илэрдэг. Архаг бруцеллезын үед шээс бэлгийн эрхтнүүдийг гэмтэл төмсөг ба түүний дайвар, өндгөвч, үр дамжуулах хоолой, умайн салстын үрэвсэл, зулбах, дутуу төрөх, сарын хир хямрах, бэлгийн дуршил буурах, мөн бөөрний тэвшинцрийн үрэвсэл байдлаар тохиолддог. Захын цусанд цагаан эсүүд, эозинофил, ялтсан эсүүд цөөрөх, харин тунгалаг эсүүд моноцитууд нэмэгдэх нь ажиглагддаг. Архаг бруцеллез нь олон удаа сэдрэх мөн намжих байдлаар долгион маягаар явагдаж, өвчтөн удаан хугацаагаар ажлын чадвараа алдаж тахир дутуу болдог. Вакцин тариулсан хүмүүст өвчин богино хугацаанд хөнгөн явцтай, халууралт их өндөр биш байх ба анхнаасаа голомтлог үрөвслийн шинжүүд илэрч анхдагч араг бруцеллез хэлбэрээр явагдана.зарим тохиолдолд бруцеллезоор өвсний дараа үе орчмын эдүүд ургаж органик өөрчлөлт явагдан үенүүд хэлбэр галбираа алддаг. Бодит үзлэг ба рентген шинжилгээнд мэдэгдэм өөрчлөлт гарсан байдаг. Тулгуур хөдөлгөөний эрхтний ийм эргэшгүй өөрчлөлт нь мэс заслын эмчилгээ хийн шаардлагатай болдог. Нас барах тохиолдол тун ховор хэдий ч эрүүл мэндийн хувьд тэгш бус болж ажил амьдралын чадвараа алдах нь нэн элбэг юм.

Оношлох: Халдвар судлалын асуумж болон бодит үзлэг мөн лаборатори шинжилгээний аргууд дээр үндэслэнэ. Ажил мэрэгжил, амьдрал ахуй орчинд халдвар авах боломж бий эсэхийг асууж лавлах нь чухал ач холбогдолтой. Өвчний сэжигтэй тохиолдол бүрт лабораторын шинжилгээ хийж оношийг баталгаажуулах хэрэгтэй. Үүний тулд нян судлал, молекулын биологийн, ийлдэс судлалын мөн харшил сорилын аргуудыг ашигладаг. өвчтөнөөс бруцелл өсгөвөрлөх нь оношийг эргэлзээгүй нотлох болно. Шинжилгээний цус, ясны чөмөг, цөс, шээс, тунгалгын зангилаа, тархины нугасны мөн үений ус авна. Нян судлалын шинжилгээ нь нарийн төвөгтэй бөгөөд тусгай тоноглол бүхий лабораторыг ашиглана. Сүүлийн үед бруцеллын L-хэлбэрийг ялган таних боломжтой болов. Гэрэлтэгч сийвэн бүхий дархлал шинжилгээний аргыг ашиглан янз бүрийн орчинд байгаа бруцеллууд мөн хамтран микрофлоруудыг илрүүлж болно. Бруцеллез өвчнийг оношлоход эсрэг биеийг илрүүлэх зарчим дээр үндэслэгдсэн ийлдэс судлалын аргууд тухайлбал Райтын урвал, цус шууд бус наалдуулах урвалууд нь чухал ач холбогдолтой юм. Ялангуяа өвчний эхний өдрүүдэд Райтын урвал өндөр титр эерэг байх нь элбэг бөгөөд шинжилж буй ийлдсийн шингэрүүлэлт 1:200 ба түүнээс дээш титрт наалдац өгч байвал эерэг гэж тооцоно. Ийлдэс шинжилгээг хурдавчлахын тулд хавтгай шилэн дээр шинжилж буй ийлдсээ өтгөрүүлсэн эсрэг төрөгчтэй наалдуулах аргыг Хеддельсоны урвал гэнэ. Мөн хавсрага холбох урвал, Кумбсын сорил нь оношийн ач холбогдол сайн юм. Хавсрага холбох урвалыг олон (18) цагаар тавьж түүний тэдрэг чанарыг нь дээшлүүлэн бруцеллийн L- хэлбэрийг ялган таних боломжтой юм.

Ялган оношлох: Цочмог бруцеллезыг бална, хумхаа, Ку-халуурал, цусан үжил, хулгана тахал, лейшманиозын дотор эрхтний хэлбэр, лимфогрануломатоз зэргээр ялган оношлох хэрэгтэй. Үжил болон архаг явцтай бруцеллезын үед голомтод үрэвслийн шинж илрэх тул янз бүрийн байршлалтай сүрьеэ, хэрлэг, мөн хэрлэг төст артрит, тэмбүү, заг хүйтний гаралтай, үе мөчний үрэвслүүдээс ялган таних хэрэгтэй. Эмнэлзүйн хувьд бруцеллезтай адил төст өвчин олон бөгөөд хэрэв удаан хугацаанд сулавтар халуурч, хөлрөх, элэг дэлүү томрон тунгалгын булчирхайнууд цочирч тулгуур хөдөлгөөний болон мэдрэл, зүрх судас, шээс бэлгийн эрхтнүүд гэмтсэн, халдвар судлалын асуумжаар өвчин нутагшмал орон нутагт ажил мэрэгжил, ахуй орчны хувьд халдвар авсан байж болох нөхцөл сэжигтэй тохиолдолд лабораторын аргаар оношийг магадлах нь зүйтэй.

Эмчилгээ: Бруцеллез ямар шатандаа явагдаж байгаагаас хамааран эмчилгээ өөр өөр байна. цочмог болон ужиг явцтай бруцеллезын үед антибиотик хэрэглэнэ. Тухайлбал левомицентинг 0.5-г аар 4 цагаар уулгах, эсвэл рифампицинг 0.3+3 буюу 0.9г мөн тетрациклинг 0.5г-аар 2 удаа хоногт булчинд тарьж болно. Антибиотик эмчилгээний үргэлжлэх хугацаа наад зах нь 42 хоног ДЭТБ-ын зөвлөмжийн дагуу байх ба биеийн халуун хэвийн болмогц левомецитины хоногийн тунг 2.0 болгон бууруулна. Мөн офлоксацин, дифлоксацин, зэрэг хинолоны бүлгийн эмийг хэрэглэх үр дүнтэй.архаг бруцеллез сэдрэхэд антибиотик хэрэглэнэ. Үрэвслийн идэвхжилгүй, биеийн халуун хэвийн тохиодолд антибиотик хэрэглэх шаардлагагүй. Архаг бруцеллезын үед эмчилгээний амьгүй нянгаас бэлтгэсэн вакцин хэрэглэх нь үр дүнтэй. Хүнд явцтай цочмог, ужиг мөн архаг бруцеллезын үед глюкокортикоид эмчилгээг хийдэг. Захын мэдэрлийн тогтэлцоо, үе, тулгуур хөдөлгөөний эрхтнүүдийг илүүтэй гэмтээсэн ужиг мөн архаг бруцеллезын үед эмчилгээнд өвдөлт, үрэвсэл намдаах стройд бус эмүүд(бутадион, ацетилсалицилийн хүчил, анальгин, реофирин, индометацин, бруфен, вольтарен)-ийг хэрэглэнэ. Биеийн эсэргүүцэл сайжруулах, эмзэгшил намдаах эмчилгээнүүд нь үр дүн сайтай юм. Тухалбал УВЧ, диатермия, иллэг, биеийн тамир эмчилгээ нь сайн нөлөө үзүүлдэг. Үрэвсэлт процесс бурэн намдсан, үлдэц хууч бүхий өвчтөнг манай орны Отгонтнгэр, Хужирт, Шаргалжуут зэрэг рааан сувилалд илгээн эмчлүүлэхэд сайн нөлөө өгдөг.

 

Эх сурвалж: www.medeelel.mn

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.